Санхүүгийн сайн зөвлөхүүдийг муугаас, амжилттайг нь амжилтгүйгээс ялгахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ санхүүгийн зөвлөх болохоор төлөвлөж байгаа эсвэл санхүүгийн зөвлөхтэй хамтран ажиллахаар зорьж байгаа бол хамгийн амжилттай зөвлөхүүдэд байдаг 5 зан чанарыг энд жагсаалаа.

1. Санхүүгийн төлөвлөлт хийх, хөрөнгө удирдах хүсэл
Санхүүгийн амжилттай зөвлөхүүд энэ чиглэлээрээ мэргэших хүсэл маш их байдаг. Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын стандарт, хууль, аргачлал, бүтээгдэхүүн үргэлж хувьсан өөрчлөгддөг учраас энэ нь маш чухал. Тиймээс тухайн чиглэлдээ үнэхээр дуртай, хүсэл эрмэлзлэлтэй хүн салбарынхаа тухай өдрөөс өдөрт илүү ихийг сурч, боловсорч байдаг. Хэрэв ийм хүсэлгүй бол салбарын хөгжил, өөрчлөлттэй зэрэгцэж чадалгүй хоцордог. Зөвхөн үүнээс шалтгаалан тухайн зөвлөх амжилттай эсвэл амжилтгүй эсэхийг ч тодорхойлж болно.
2. Дүн шинжилгээний өндөр чадвар
Санхүүгийн төлөвлөлт олон хэсгээс бүрддэг. Бэлэн мөнгөний урсгал, тэтгэвэр, даатгал, үл хөдлөх хөрөнгө, татварын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын удирдлага зэрэг гол гол чиглэлээр зөвлөхүүд үйлчилгээ үзүүлэх чадвартай байх ёстой. Мөн эрсдэл болон өгөөж нь санхүүгийн төлөвлөлтөд бараг бүхий л талаар нөлөөлдөг гэдгийг мэддэг байх нь чухал. Хөрөнгийн багцийг зөв цагт нь, зөв зорилгоор байршуулна гэдэг маш нарийн ухаан шаардсан ажил. Тиймээс стандарт хазайлт, бета, стратегийн хөрөнгө хуваарилалт, тактикийн хуваарилалт гэх мэт төрөл бүрийн аргуудыг мэддэг, ашиглаж чаддаг байх шаардлагатай.
3. Худалдан борлуулах чадвар
Санхүүгийн зөвлөхүүд өсөж дэвжихийн тулд үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэх ёстой. Хөрөнгийн удирдлага, төлөвлөлт зэрэг үйлчилгээгээ худалдан борлуулах чадвартай байх нь чухал. Зүгээр л бүтээгдэхүүн борлуулаад орхих бус, харин тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь үйлчлүүлэгчид тусалдаг, асуудлыг нь шийдэж өгдөг байх ёстой. Үйлчлүүлэгчийн одоогийн санхүүгийн байдалд байгаа алдаа, асуудлыг харж, түүнд тохирсон оновчтой шийдлийг тодорхойлж, үүнийгээ хэрэгжүүлэх нь санхүүгийн сайн зөвлөхийн хийдэг ажил юм.
4. Нэгдмэл ашиг сонирхолтой байх
Сайн зөвлөхүүд үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхлыг нэгдүгээрт, харин өөрийнхийгөө хоёрдугаарт тавьж чаддаг. Хоёр талын ашиг сонирхол нэгдмэл буюу нэг чигт хандах ёстой ба эс бөгөөс энэхүү харилцаа нуран унана. Үйлчлүүлэгчид ямар ч хэрэгцээгүй үйлчилгээг худалдах нь ёс зүйгүй явдал. Түүнчлэн авах ёстойгоос илүү их хөлс авах нь мөн л сайн зүйл биш. Ижил төрлийн үйлчилгээнд бусад зөвлөхүүд харьцангуй бага хөлс авч байхад илүү өндөр хувь ногдуулж авах нь яавч зөв биш. Тиймээс шударга байж, үйлчлүүлэгчийнхээ олсон ашгийг сордоггүй байх нь зөв.
5. Сониуч
Санхүүгийн төлөвлөлт хийх нь бүх л талаараа мөрдөгчийн ажилтай төстэй. Нарийн деталь хэсгүүдийг ч олж, нэгтгэн дүгнэх ёстой. Мөн том асуудлыг ч олж илрүүлэх ёстой. Тиймээс санхүүгийн сайн зөвлөхүүд энэ ажлаасаа сэтгэл ханамж авдаг, сорилтонд дуртай хүмүүс байдаг.
Та юу гэж бодож байгаагаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй
Like дарж, Үнэлгээ өгөхөө бүү мартаарай. Танд баярлалаа